Pure Earth нь бага болон дунд орлоготой улс /БДОУ/ орнуудын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий олон улсад хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Уг байгууллага нь хар тугалга болон мөнгөн ус гэсэн хоёр хүнд металлын ашиглалтаас үүдэлтэй бохирдлын асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.

Тус байгууллагын үзэж байгаагаар дэлхий дээрх гурван хүүхдийн нэг нь хар тугалганы бохирдолд нэрвэгдсэн байгаа бол эдгээрийн 90 хувь БДОУ орнуудын хүүхдүүд байдаг ажээ. Хар тугалганы бохирдлын хүн төрөлхтөнд учруулж буй зардлыг 6 их наяд ам. доллар гэж дүгнэсэн байна. https://www.pureearth.org/global-lead-program/lead-poisoning/

Дээрх тоог Монгол улсдаа хөрвүүлээд үзвэл 2.5 тэрбум ам. доллар гарч байгаа нь улсын маань ДНБ-ий 14 хувьтай тэнцэнэ.

Хар тугалганы бохирдолд нэрвэгдэх гэдгийг цусан дахь хар тугалганы агууламж том хүний хувьд децилитр тутамд 5 микро граммаас их байхыг, харин хүүхдийн хувьд 3.5 микро граммаас их байхыг ойлгодог. Дэлхий дээрх гурван хүүхдийн нэг гэхээр 800 сая орчим хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламж шаардлагатай арга хэмжээ авахыг сануулах дээд хязгаараас давж байна гэсэн үг. Дэлхий дахинд хамаарах дээрх тоог хөрвүүлээд үзтэл үр дүн нь 3.4-хөн сая хүн амтай жижигхэн Монгол улсад хэт ахадсан тул энд бичихээс бид эмээв.

Хар тугалга нь хүний биед бага багаар хуримтлагддаг онцлогтой хорт бодис бөгөөд мэдрэл, хоол боловсруулах, зүрх судас болон бөөрний үйл ажиллагааны системийг хордуулдаг, биед амьсгалын болон хоол боловсруулах замаар ордог.

Бага насны хүүхэд хар тугалганы бохирдолд илүү өртөмтгий байдаг нь тэдний аж байдал, үйл хөдлөлтэй шууд холбоотой байдаг. Тэд орчин тойрны эд зүйлсийг барьж сониучирхах дуртай. Гар хуруугаа ам хамартаа чөлөөтэй хийж орхидог. Хар тугалганы бохирдолтой орчинд орсон л бол тэд дээрх байдлаар өөрсдийгөө илүү өртөмтгий болгодог. Нөгөө талаас томчууд бидэнтэй адил хэмжээгээр бохирдолд өртсөн ч тэдний бяцхан биед илүү “ачаа” болон шингэдэг.

Хар тугалганы бохирдол нь уураг тархийг гэмтээх, IQ болон сэтгэн бодох чадварыг бууруулах, сурах чадварыг үгүй хийж, ирээдүйд орлого багатай ажил хөдөлмөр эрхлэх эхлэл болж, бөөрний өвчлөл тусах, түрэмгий хүчирхийлэгч зан чанартай болоход хүргэдэг. Зөвхөн 2019 онд л гэхэд дэлхийн хэмжээнд хүүхдүүд хар тугалганы бохирдлоос үүдэн 765 сая IQ оноог алджээ. Энэ нь БДОУ орнуудын нэг хүүхдийн хувьд дунджаар 5.9 IQ оноо алдсан гэсэн үг юм. Хүний IQ оноо дунджаар 100 байдгийг тооцон бодвол энэ их том тоо юм.