“Электрокем Монгол” ХХК нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд хар тугалган батарейг байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан компани юм.

Батарейгүйгээр бидний өнөөгийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Бидний өдөр тутмын амьдралын халшгүй хэсэг, гайхалтай бүтээгдэхүүн болох хар тугалган батарей нь харамсалтай нь түүний дотоод бүтцэд байх хар тугалга болон хүхрийн хүчлээс шалтгаалан ашиглаж дууссаны дараа олон улсад болоод манай оронд аюултай хог хаягдалд тооцогддог.

Дэлхий дээр ашиглалтаас гарсан хар тугалган батарейны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах үндсэн арга нь батарейг дахин боловсруулах бөгөөд манай компани сүүлийн 3-4 жилд холбогдох судалгааг Олон улсын Хар Тугалганы Холбоо болон энэ чиглэлээр дэлхийн тэргүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани болох “Global Lead Technologies Pty” компанийн зөвлөгөөний үндсэн дээр хийж, улмаар хар тугалган батарейг байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна.

ХБНГУ, Итали болон БНЭУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг ашигласан тус үйлдвэр нь Монгол улсын холбогдох стандарт болох MNS 6783 : 2019 стандартыг бүрэн хангахаас гадна Олон улсын Хар Тугалганы Холбооноос дэлхийн ижил төстэй бусад үйлдвэрүүдэд тавьдаг Benchmark Assessment Tool шалгуурыг даван биелүүлсэн, “Дэлхийн Жишиг Үйлдвэр” байх болно.

“Дэлхийн Жишиг Үйлдвэр” нь жилд 800000 ширхэг буюу 12000 тонн  хар тугалган батарейг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь Монгол улсад өнөөгийн байдлаар жилд ашиглалтаас гарч байгаа бүх батарейг дахин боловсруулахын зэрэгцээ ойрын 10 гаруй жилийн өсөлтийг ч бүрэн хангах үзүүлэлт юм.

Үйлдвэр нь технологийн хаягдалгүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж үйл ажиллагаандаа дахин ашигладаг, бусад ижил төстэй үйлдвэртэй харьцуулбал даруй 30 орчим хувийн бага дулаан, цахилгааны эрчим хүч зарцуулдаг зэрэг олон давуу талуудтай, дэлхий дээр өнөөдөр ажиллаж байгаа хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийн нэг юм.