Pure Earth нь дэлхийн улс орнуудын бохирдлын тайланг гаргадаг. Монгол орны бохирдолтой холбоотой асуудлуудыг https://www.pureearth.org/our-projects/country-project-pages/mongolia/ линкэнд байрлуулсны дотор https://www.pureearth.org/wp-content/uploads/2021/04/Mongolia-Pollution-Health-and-Economic-Impacts-The-Lancet-Report.pdf тайлан их анхаарал татна.

“Монгол улсын бохирдол: Эрүүл мэнд, эдийн засгийн нөлөө” гэж орчуулж болох дээрх тайлангаас үзвэл 2015 оны байдлаар манай улсад нийт нас барагсдын 14,3 хувь буюу 3100 орчим нь бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр нас барсан гэж дүгнэжээ.

Нас баралтыг бохирдлын шалтгаанаар нь авч үзвэл:

  1. – Агаарын бохирдол – 82 хувь буюу 2500 гаруй нас баралт
  2. – Хар тугалганы бохирдол – 12 хувь буюу 370 орчим нас баралт
  3. – Ажлын байрны бохирдол – 5 хувь буюу 170 орчим нас баралт
  4. – Усны бохирдол – 2 хувь буюу 60 орчим нас баралт

байна гэж дүгнэжээ.

Монголын нөхцөлд бохирдлоос үүдэлтэй нас баралтын үндсэн шалтгаан нь агаарын бохирдол гэдэг нь мэдээж тодорхой зүйл. Бид улс нийтээрээ хэдэн арван их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулаад дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь харамсалтай ч агаарын бохирдлыг бид мэддэг, бидэнд мэдрэгддэг, бид энэ тухай ярьдаг, бас бичдэг, дээр нь тэмцдэг сэдэв.

Харин бохирдлоос үүдэлтэй нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа “чимээгүй үхэл” гэж нэрлэгдэх хар тугалганы бохирдлыг хааяа зарим нэг мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгааг эс тооцвол шаардлагатай анхаарлыг огт хандуулахгүй байна.

Нөгөө талаас Pure Earth болон Greens Cross Switzerland байгууллагатай хамтран “The world’s worst pollution problems” буюу “Дэлхийн хамгийн хор хөнөөлтэй бохирдлын асуудлууд” гэж нэрлэгдэх тайланг гаргадаг бөгөөд хамгийн сүүлийн хувилбар нь 2016 онд гарчээ.

“Дэлхийн хамгийн хор хөнөөлтэй бохирдлын асуудлууд: хөл доорх хорт бодисууд” 2016 оны тайлан https://www.worstpolluted.org -аас авч үзвэл “хар тугалганы батарейг технологийн бус горимд дахин боловсруулах” нь хамгийн хөнөөлтэй бохирдол үүсгэдэг үйлдвэрлэл гэсэн байна. Энд бичсэн технологийн бус горимд гэдгийг онцлон тэмдэглэх нь зохилтой.

Манай улсын хувьд 2019 онд технологийн бус горимд хар тугалганы батарей дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Шалгалтын тайлантай эндээс танилцана уу.

Дээрх шалгалтын үр дүн үнэхээр цочирдуулам. Тэдгээр үйлдвэрүүдийн ойр орчмын хөрсөнд хийсэн судалгаагаар дараах үр дүн гарчээ. Үүнд:

  • – Хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4,6-100 дахин их
  • – Хар тугалганы сульфат 100-466 дахин их
  • – Хүнцлийн агууламж 3,8-7,2 дахин их байжээ

Аливаа хэмжилтийн үзүүлэлт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс цөөн хэдэн хувиар л илүү гарахад түүнд зохих анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстой. Гэтэл бид энд зарим үзүүлэлт 100 дахин их, зарим нь бүр 466 дахин их байгаа тухай ярьж байна.

Дээрхээс хар тугалганы сульфат гэдэг нь юу болох тухай тайлбарласнаар бид хар тугалганы бохирдол, түүний хэрхэн тархдаг тухай илүү сайн ойлголттой болно.
Хар тугалганы батарейны үйлдвэрлэлд металл хар тугалганаас гадна батарейны идэвхтэй масс буюу шаваасыг хасах хуудсанд хар тугалга буюу Pb-ээр, нэмэх хуудсанд  хар тугалганы исэл буюу PbO2 – оор хийдэг. Эдгээр нь хүхрийн хүчлийн уусмалын орчинд химийн урвалын энергийг цахилгаан энергид хувиргах чадвар бүхий химийн идэвхтэй элемент агуулсан хар тугалганы маш нарийн тоос юм.

Barton pot гэж нэрлэгдэх технологиор гаргаж авсан энэ нунтаг шаваас нь маш жижиг ширхэгтэй, ширхэглэгийн хэмжээ хэр зэрэг бага байна, төдий чинээ сайн цахилгаан багтаамжтай батарей үйлдвэрлэгдэнэ гэсэн зарчим үйлчилнэ. Эдгээр идэвхтэй масс ашиглалтаас гарсан батарейны хувьд хүхрийн хүчил буюу H2SO4-тэй урвалд орсноор хар тугалганы сульфат буюу PbSO4 үүсгэдэг.

Хар тугалганы сульфат нь хар тугалганы ислийн адилаар мөн л маш жижиг ширхэгтэй нунтаг юм. Гэхдээ түүний хайлах температур 1200 С давна. Ийм учраас ашиглалтаас гарсан батарейнд байх хар тугалганы сульфатыг бүрэн авахын тулд зайлшгүй өндөр технологи бүхий металлургийн процесс хэрэгтэй болдог. Технологийн бус горимд хар тугалганы сульфатыг бүрэн авах бололцоогүй.

Нөгөө талаар хаягдал батарейнаас ялган авсан хар тугалга агуулсан хэсгийг хайлуулах явцад хар тугалга болон хүхэр агуулсан хорт утаа үүсдэг бөгөөд энэхүү хорт утааг стандартын шаардлага хангасан түвшинд шүүж, цэвэрлэхийн тулд өндөр технологийн хорт хийг барих, цэвэрлэх систем шаардлагатай байдаг. Дээр дурдсан шалгалтаар хар тугалганы агууламж үйлдвэрийн ойр орчимд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 100 дахин их, хар тугалганы сульфат 466 дахин их гарсан нь эдгээр үйлдвэрүүдэд хорт хийг барих, цэвэрлэх систем байгаагүйтэй холбоотой. Үйлдвэрүүдийн ойр орчимд байсан хар тугалга болон сульфатын тоосонцор нь цааш дэгдэж, бохирдол зөвхөн үйлдвэрийн ойр орчмоор хязгаарлагдаагүй гэдэг нь ойлгомжтой зүйл юм.

Дээрхээс илүү ноцтой зүйл нь технологийн бус горимд ажиллах үед хар тугалганы сульфатын ихэнх хэсэг нь хайлуулах шатанд гарсан шааранд үлддэг. Монгол улсын хуулиар ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг аюултай хог хаягдалд ангилдгийн адилаар хайлуулах үйл ажиллагааны шаар ч мөн аюултай хог хаягдалд зүй ёсоор тооцогддог.

Харамсалтай нь технологийн бус горимд ажиллаж байгаа үйлдвэрүүд шаарыг саармагжуулж, хор аюулын зэргийг бууруулах арга хэмжээ авахгүйгээр энгийн хог хаягдлын адилаар хаяж байгаа нь хар тугалганы бохирдлын хамгийн том эх үүсвэр. Шаар нь хайлуулах шатнаас гарахдаа хатуу биет хэлбэртэй байх боловч цас борооны усаар чийг авч, улмаар агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орсноор маш хурдан задрах процесс явагдах бөгөөд хар тугалга агуулсан тоосонцор ил гарч ирдэг. Хар тугалга агуулсан энэхүү тоосонцор салхиар дэгдэж орчин тойрныг аниргүй бохирдуулж, чимээгүй үхүүлнэ.

Өөрөөр хэлбэл хар тугалганы бохирдол дээрх үйлдвэрүүдийн ойр орчмоор хязгаарлагдахгүй, шаарыг хаясан хогийн цэгүүдээс эхлээд бидний эргэн тойронд байгаа гэсэн үг. Pure Earth-ын хийсэн судалгаагаар Монгол дахь бохирдлоос үүдэлтэй нас баралтын шалтгааны хоёрдугаарт хар тугалганы бохирдол бичигдсэн нь үүгээр зонхилон тайлбарлагдана.

Pure Earth нь бас “Toxic Site Identification Program” нэртэй дэлхий дээрх хорт бодисуудаар бохирдсон газар, байршлыг харуулсан дата сан https://www.contaminatedsites.org/-г хөтлөн гаргадаг.

Тус дата санд манай улсаас цөөнгүй байршил бүртгэгдэж орсны дотор дээр дурдсан шалгалтад хамрагдсан үйлдвэрүүд хар тугалганы бохирдолтой гэсэн шалтгаанаар бүртгэгдсэн байдаг.