Та манай веб хуудасны “хар тугалганы бохирдол” гэсэн цэстэй танилцаж энэ тухай мэдээлэл авсан гэдэгт итгэж байна. Хэрвээ танилцаж амжаагүй бол танд “хар тугалганы бохирдол” цэс рүү яг одоо зочлохыг зөвлөе.

Хар тугалганы бохирдлоос эрдэнэт хүмүүн, эх болсон дэлхийгээ аврах үйлдэл ашиглалтаас гарсан батарейг хэрхэн цуглуулахаас эхэлнэ. Тиймээс бид байгаль орчинд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийн дээр “батарей цуглуулах хариуцлагатай сүлжээ”-г үндэсний хэмжээнд бий болгон ажиллахыг зорьж байна.

Хэрэглэгч та өөрийн ашигласан батарейг “хариуцлагатай сүлжээ”-ээр дамжуулан манай дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгснөөр батарей цуглуулах, тээвэрлэх, хадгалах шатанд хамгийн ихээр гарч болох байгаль орчны эрсдэл буюу хүхрийн хүчил хөрсөнд алдагдахаас сэргийлэхээс гадна батарей технологийн бус горимд дахин боловсруулагдаж, байгаль орчныг хар тугалганы тоосонцроор бохирдуулах эрсдэлийг хаахад өөрийн хувь нэмрийг оруулж байгаа хэрэг болно.

Хэрвээ та иргэн бол өөрийн ашигласан батарейгаа манай компанийн гэрээт “хоёрдогч түүхий эд цуглуулах” цэгүүдэд хүлээлгэн өгөөрэй. Эдгээр цэгүүд та бүхний ашигласан батарейг багтаамж буюу овор хэмжээнээс нь хамааруулж тодорхой үнээр худалдан авах юм. Жишээлбэл, 2024 оны 1-р сарын байдлаар цэгүүд 60 ампер/цагийн багтаамжтай батарейг 10000 төгрөгөөр, 100 ампер/цагийн батарейг 17000 төгрөгөөр худалдан авч байсан.

Манай компанитай гэрээ байгуулсан түүхий эд цуглуулах цэгүүдэд ашигласан батарейгаа өгөх нь дараах давуу талуудтай. Үүнд:

  • – Манай компанийн зүгээс эдгээр цэгүүдэд цугларсан батарейг хийх, шаардлага хангасан савнуудыг байрлуулсан тул батарейны хүчил алдагдах эрсдэлээс эдгээр цэгүүд хамгаалагдсан.
  • – Цэгүүдийн ажилтнуудыг зохих сургалтад хамруулсан тул тэд хагарсан болон хүчил гоожсон батарейтай хэрхэн харьцахаа сайн мэднэ.
  • – Цэгүүдийг хүчил саармагжуулах бодис, багаж хэрэгслээр хангасан тул асгарсан хүслийг нэн даруй саармагжуулж, үүсэж болох бохирдлын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ тэд авч чадна.
  • – Цэгүүд дээр байрлуулсан сав дүүрсэн нөхцөлд бид зориулалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хариуцлагатайгаар тээвэрлэж үйлдвэрт хүргэнэ.

Хэрвээ та аж ахуйн нэгж бол бид та бүхэнтэй “Аюултай хог хаягдал шилжүүлэх  гэрээ” байгуулан хамтран ажиллах болно. Танай байгууллага бидэнтэй гэрээ байгуулан өөрийн үйл ажиллагаанаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулснаар дараах давуу талуудтай болно. Үүнд:

  • – Байгаль орчны эрсдэлээс хамгаалагдах
  • – Эрдэнэт хүмүүн, эх болсон байгаль дэлхийгээ хар тугалганы бохирдлоос хамгаалах үйлсэд нэгдэх

Танай байгууллага олон мянган ажилчидтай, улсын төсөвт хэдэн их наядаар нь татвар төлдөг, ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг ч бай, эсвэл дөнгөж саяхан үйл ажиллагаагаа эхэлж буй, ирээдүйд дээрх аваргуудын нэг болно гэсэн мөрөөдөл тээсэн жижиг, дунд үйлдвэрлэл ч бай та бүхэн бүгд батарей хэрэглэгчид. Тээврийн хэрэгсэл эзэмшиж ашиглаж байгаа л бол батарей хэрэглэж, улмаар хэрэглэж буй батарей тань тодорхой хугацааны дараа ашиглалтаас гарч, аюултай хог хаягдал үйлдвэрлэсээр байдаг.

Харин ашиглалтаас гаргасан батарейгаа хэнд өгч, хэрхэн устгуулах, дахин боловсруулах талаар сайтар бодолцож, ухамсартай, хариуцлагатай шийдвэр гаргах нь Монгол улс, та бид бүгдээрээ хар тугалганы бохирдлоо хамтдаа бууруулж, салж чадах уу? гэх асуултын хариулт юм.

Хариулт нь танд тодорхой бол бидэнтэй холбогдож хамтран ажиллах асуудлаа түргэвчилье.