Хар тугалганы батарей дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны явцад хоёр төрлийн бохирдол бий болох бололцоотой.

Нэгдүгээрт, батарейг бутлан ангилах технологийн явцад хүхрийн хүчлийн ууршилт бий болох тул бид энэхүү хүхрийн хүчлийн ууршилтыг үйлдвэрийн дотоод орчин болоод байгальд алдагдахаас сэргийлэхийн тулд бүрэн битүүмжилсэн тоноглол бүхий, шүүгч систем ашиглаж байна. Энэхүү систем нь технологийн явцад гарах хүхрийн хүчлийн ууршлыг битүүмжилсэн тоноглолоор соруулан цуглуулан циклоны аргаар шингэрүүлж, улмаар үйлдвэрийн хүчил саармагжуулах системд нийлүүлж бүрэн саармагжуулдаг болно.

Хоёрдугаарт, пирометалургийн аргаар хайлуулах үйл ажиллагааны явцад халуун, хортой, хар тугалганы тоосонцор агуулсан утаа тортог бүхий хий ялгарах бөгөөд бид энэхүү утааг өөр өөрийн үүрэг функцтэй, 7 төрлийн тоног төхөөрөмжийн дамжлага бүхий бохирдол барих системээр шүүн цэвэрлэж, эцэст нь Монгол улсын болоод олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан цэвэршүүлсэн хийг агаарт нийлүүлэх юм.

Мөн хайлуулах зуухыг цэнэглэх болон хар тугалган бүтээгдэхүүнийг цэвэршүүлэх явцад хар тугалга агуулсан дэгдэх тоосонцор үүсэж энэ нь үйлдвэрийн дотоод орчныг бохирдуулж, улмаар ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололцоотой байдаг тул манай үйлдвэр нь дэгдэх тоосонцрыг барих битүүмжилсэн тоноглол бүхий иж бүрэн систем ашиглаж байгаа болно.

Дээрхээс гадна манай байгууллага нь өөрийн үйл ажиллагааны байгаль орчны удирдлагын чанарыг сайжруулах, үйл ажиллагаагаа шат тутамд байгаль орчинд ээлтэйгээр удирдан явуулах зорилгодоо хүрэхийн тулд “Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Монгол улсын “Ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах ерөнхий шаардлага” MNS 6783 : 2019 стандартад заагдсан десульфитаци хийх шаардлагыг бид хаягдал шаарны хэмжээг бууруулах зорилгоор хайлуулах шатанд Натрийн гидроксид (NaOH) ашиглан ханган биелүүлдэг бол хайлуулах шатнаас гарсан хийнд агуулагдах хүхрийн давхар ислийг скрубэр гэж нэрлэгдэх нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар барьж авдаг.