• Танай үйлдвэр бүх төрлийн батарей хүлээн авч дахин боловсруулдаг уу?

    • Бидний хэрэглээнд олон төрлийн батарей ашиглагддаг. Гэхдээ манай үйлдвэр нь зөвхөн хар тугалгын батарей дахин боловсруулдаг. Учир нь батарейнд ашигласан химийн элементээс шалтгаалан тэдгээрийг дахин боловсруулах техник, технологи нь өөр өөр байдаг тул бүх төрлийн батарейг нэг технологи ашиглан дахин боловсруулах бололцоогүй юм. Бид Монгол улсад хамгийн ихээр хаягдаж байгаа хар тугалгын батарейнаас үүдэх бохирдлын асуудлыг эхний ээлжинд шийдэх зорилгоор энэ төрлийн батарейг дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан болно.

  • Хар тугалгын батарейг бусад батарейнаас хэрхэн ялган таних вэ?

    • Батарейг таньж ялгах хамгийн оновчтой арга нь түүний шошгонд байх мэдээллийг ашиглах юм. Хар тугалгын батарейны шошгонд хар тугалганы олон улсын нэршил “Lead” гэсэн үг, эсвэл түүний химийн нэршил “Pb”-г гэж бичсэн байдаг. Харин хэрэглээний явцад шошго хууларсан, арилсан, харагдахгүй болсон зэрэг тохиолдолд та бүхэн манай компанитай холбогдох, эсвэл манай гэрээт “цуглуулах цэг”-үүдээс энэ талаар асууж тодруулж болно.

  • Та бүхэнд бусад төрлийн батарейг дахин боловсруулах төлөвлөгөө бий юу?

    • Бид Монгол улсад хар тугалгын батарейны дараа орох их хэмжээгээр хаягдаж байгаа хосолсон хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд ашигладаг “nickel-metal hydride” батарейг дахин боловсруулах асуудлыг судлаж байна.

  • Хар тугалгын бохирдлыг бууруулахад хэрэглэгч миний оролцоо вэ?

    • Хэрэглэгч та манай компанитай гэрээ байгуулж, “батарей цуглуулах хариуцлагатай сүлжээ”-нд нэгдэн орсон цуглуулах цэгүүдэд өөрийн ашиглаж дууссан батарейгаа хүлээлгэн өгснөөр таны үүрэг биелнэ. Үүнээс цааш батарейг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр түр хадгалах, тээвэрлэх, улмаар дахин боловсруулах ажлыг бид бүрэн хариуцах болно.

  • Та бүхэн батарейг хэрхэн дахин боловсруулдаг вэ?

    • Бид үйлдвэрт хүлээн авсан батарейг стандартын шаардлага хангасан агуулахад түр хадгалж, зохих ангилан ялгалт хийсний дараа бүрэн автомат тоног төхөөрөмжөөр бутлаж, жижиг хэсгүүдэд ялгаж, улмаар хар тугалга агуулсан хэсгийг битүүмж бүхий хайлуулах зууханд пирометаллургийн аргаар хайлуулж, дараа нь технологийн горимын дагуу цэвэршүүлж 99,97+ цэвэршил бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хайлуулах болон цэвэршүүлэх шатанд бохирдлыг барих иж бүрэн систем ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг бусад хэсгээс аваарай.

  • Батарейны шингэн буюу хүхрийн хүчлийг хэрхэн дахин боловсруулдаг вэ?

    • Хүчил саармагжуулах системийн тусламжтайгаар батарейны шингэнийг саармагжуулж барилгын материалын үндсэн түүхий эд гөлтгөнө үйлдвэрлэдэг.

  • Та бүхэн батарейны гадна талын хайрцагны хуванцарыг яадаг вэ?

    • Батарейны гадна хуванцарыг бутлан, угааж цэвэрлэсний дараа, полипрополен үрэл гарган авч улмаар хуванцар поддон, барилгын арматурын тусгаарлагч зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

  • Та бүхэн ямар технологи, know how үйлдвэртээ ашиглаж байгаа вэ?

    • Манай үйлдвэр нь ХБНГУ, Итали болон БНЭУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа бөгөөд хар тугалгын батарей дахин боловсруулах чиглэлээр дэлхийн тэргүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани болох “Global Lead Technologies Pty” компанийн know how-г үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг.