Хэрэглэгч танаас шууд болон батарей цуглуулах цэгүүдээр дамжуулан хүлээн авсан батарейг бид өөрийн үйлдвэрт түр хадгалан, зохих ангилан ялгалт хийсний дараа дахин боловсруулах үйлдэл хийдэг.
Үйлдвэрт хүргэгдэн ирсэн батарейг бид үйлдвэрийн агуулахад түр хадгалдаг бөгөөд үйлдвэрийн агуулах нь аюултай хог хаягдлыг хадгалахад “Хог хаягдлын тухай хууль” болон бусад холбогдох заавар журам, стандарт, нормоор тавигдсан бүхий л шаардлагыг хангасан болно. Тухайлбал, үйлдвэрийн шал нь 2 үе, 40 см зузаан төмөр бетон хийцтэй бөгөөд үе хооронд хүчилд тэсвэртэй мембарна тусгаарлагчтай, хадгалалтын явцад батарейнаас гарч болох шингэний асгаралыг цуглуулан авах сувагчлалтай, асгаралыг сувагчлалаар дамжуулан хүчилд тэсвэртэй хуванцар саванд хурааж, улмаар саармагжуулах системд хүргэх тоноглолтой болно.
Батарейны гадна хайрцгийг бид дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч, улмаар түүгээрээ хуванцар поддон, барилгын арматурын тусгаарлагч үйлдвэрлэх бол батарейны шингэн буюу хүхрийн хүчлийг шохойтой урвалд оруулан саармагжуулах аргаар барилгын материалын үндсэн түүхий эд болох гөлтгөнө үйлдвэрлэх тул технологийн хаягдалгүй.
Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн нь 99.97 дээш цэвэршил бүхий хар тугалган гулдмай байх бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээ Лондоны металлын бирж дээр арилжаалах шалгуурыг хангана.